Ц.Элбэгдорж: Монголын үндэсний хөгжлийн гол тулгуур иргэний оролцоо, иргэний нийгэм

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын төлөөлөлтэй санал солилцох өглөөний цай уулзалтад оролцлоо.

Жил бүр уламжлал болгон хийдэг уг арга хэмжээг Монголын эмэгтэйчүүдийн  МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний санаачлагаар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран зохион байгуулдаг билээ. Монголын эмэгтэйчүүдийн  МОНФЕМНЕТ үндэсний сүлжээнээс жил тутам  “Эмэгтэйчүүдийн нүдээр” гэсэн чуулган зохион байгуулдаг бөгөөд энэ удаа 11 дэх жилдээ “Эмэгтэйчүүдийн нүдээр: Иргэний нийгмийн оршин тогтнол” сэдвээр чуулжээ. Чуулганд оролцогчдын төлөөлөл жил бүрийн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй өглөөний цайны уулзалт хийж, чуулганаас гарсан байр суурийг танилцуулан, санал бодлоо солилцдог уламжлал  тогтсон юм.

Энэ жилийн чуулганд эмэгтэйчүүдийн болон хүний эрхийн байгууллага, бүлгүүдээс гадна иргэний нийгмийн бусад салбар, төрийн болон олон улсын байгууллага, эрдэмтэн, судлаачид, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, хувь хүмүүс, залуус, орон нутгийн иргэд  зэрэг нийгмийн олон талын төлөөллөөс бүрдсэн 300 гаруй оролцогч хамрагдсан байна.

Тус чуулганаар мөн Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох зайлшгүй нөхцөл болох иргэний нийгмийн оршин тогтнолыг иргэний оролцоо ба иргэний нийгмийн институцчилал, иргэний нийгмийн байгууллагуудын үр нөлөө, үүрэг роль, иргэний нийгмийн хөгжлийг хангах эрхзүйн орчин, санхүүжилтийн тогтолцоотой холбон хэлэлцсэнээрээ онцлог болжээ.

Өглөөний цай уулзалтын үеэр төлөөлөгчид байр суурь санал бодлоо илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтыг дүгнэн үг хэллээ. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, Хэвлэл мэдээллийн албаны дарга П.Сайнбилэг нар оролцов.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид төлөөлөгчид төрсөн өдрийн мэнд дэвшүүлж ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөсөн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтыг дүгнэж хэлсэн үгэндээ “Нэг сайн уламжлал болон тогтсон зүйл бол Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнө ТББ-ууд, ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нийлж чуулган хийдэг. Дараа нь чуулганыхаа үр дүнг танилцуулах байдлаар бид уулздаг болсон. Энэ бол их зөв, цаашдаа бид уламжлал болгон авч явах ёстой арга хэмжээ гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд мэдээж олон сайн үр дүн гарсан. Иргэний нийгмийн байгууллага дараагийн шинэ, чанарын өөр шатанд шилжих хэмжээнд хүртэл хөгжиж чаджээ.  Үүнд олон мянган хүн, олон зуун иргэний нийгмийн  байгууллагын  асар хувь нэмэр, нөр их хөдөлмөр орсон гэдгийг бүгд мэдэж байгаа. Саяхан УИХ-аар  Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль  батлагдаа. Бидний ярьдаг байсан “Хүүхдийн эрх, гэр бүлийн хамгааллын хууль батлагдсан.  Ингээд авч үзвэл энэ чиглэлийн эрх зүйн орчин бүрдээд байна. Гэр бүлийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль зэрэг нь Эрүү, Иргэний бусад хуулиудын өөрчлөлттэй хамт явж байгааг бүгдээрээ мэдэж байгаа. Мөн Шүүхээр маргаан хянан шийдвэрлэх тухай хууль гээд их чухал хуулиуд гарах ёстой.

Нэг ийм буруу ойлголт яваад байгаа. Монголд эрх зүйн шинэчлэл дуусчихсан байсан. Нөхдүүд гадна дотнын хатгаасаар шинэчлэл гэсэн ийм зүйл хийх гээд оролдоод байна гэдэг хандлага байгаа. Үүнийг бид их болгоомжилж харах ёстой гэж боддог.

Яг одоо Монгол Улсын хувьд, өнөөгийн нийгмийн шинэчлэлийн хувьд, хүний эрхийн хувьд энэ хуулиудыг багцаар нь гаргах хэрэгтэй. Өмнө хийж байсан ажлууд мэдээж дэвшил байсан. Гэхдээ хэсэгчилсэн байдлаар явж байсан. Тэгэхээр Эрүүгийн, Зөрчлийн, Захиргааны хуулиуд батлагдсаны араас эдгээр хэргүүдийг хэрхэн шийдэх вэ гэдэг үйл ажиллагааны шинжтэй хуулиудыг батлах хэрэгтэй байгаа. Үүнийг батлуулахгүй байх юм бол өмнөх хуулиуд хэрэгжихгүй юм байна гэдэг ч яриа ч байдаг. Тиймээс үүн дээр манай иргэний нийгмийн байгууллагууд маш их анхааралтай, сонор сэрэмжтэй оролцох хэрэгтэй байгаа юм. Үүнийг энд хэлэх нь зөв байх гэж бодож байна.

Нөгөө талаар гарчихсан байгаа хуулиудаа бид амилуулж, нийгмийн хэсэг болгон ажиллуулах тал дээр төрийн байгууллага, ялангуяа нийгмийн байгууллагын зүгээс туйлын хангалтгүй ажиллаж байгаа гэдэг дээр дүгнэлт хийх ёстой. Аливаа шинэчлэлийг хийхэд хүндрэл эсэргүүцэлтэй тулгардаг. Иргэдийн дунд ороод явахаар хүмүүс ойлгож ирдэг нь харагдаж байна. Миний бодлоор Нийтийн сонсголын хууль манай иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх жинхэнэ ардчиллыг амилуулах амин сүнс болсон хууль болж байгаа. Энэ хууль хэрэгжээд эхэлчихсэн. 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ үйл ажиллагаа бүх орон нутаг, засаг захиргааны нэгжид идэвхтэй явж байх ёстой гэж бодож байна. Энэ дотор хүний эрхийн сонсгол, байгаль орчин, томилгоо, төсөв гээд бүх асуудлаарх сонсгол байж байгаа. Ажиллаад ирэхээр иргэд мэдэрдэг юм байна.

Намайг анх Ерөнхийлөгч болж байхад шүүхэд итгэхгүй байна гэж иргэдийн 70 хувь нь хэлдэг байсан бол одоо 60 гаруй хувь нь шүүхийн шинэчлэлд итгэж байна. Шүүхэд шинэчлэл явж байна гэж хэлдэг. Ийм судалгаа гарсан байна. Энэ бол маш сайн үр дүн. Бид нар хувьд нэлээд өндөр хувь байна гэж харж байгаа. Үүнээс бага ч байж магадгүй. Гэхдээ ерөхийдөө шүүхэд итгэдэг, энэ чиглэлд шинэчлэл явж байна, хүний эрхийг тусгадаг, хамгаалдаг болж байна шүү гэдэг их чухал. Энэ шинэчлэл цаашаа үргэлжлээд олон улсад хүртэл хүлээн зөвшөөрөгдөөд, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд манай улс гишүүн болсон явдал бол үнэхээр Монгол Улсын, Монголын ард түмний маш том ололт юм. Үүнийг бид маш бага ярьж байгаа.

Ололтоо хэрэгжүүлэх тал дээр төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа учир дутагдалтай байгааг иргэний нийгмийн байгууллагууд олж харж байгаад туйлын баяртай байна. Бид гишүүн орны хувьд ямар үйл ажиллагаа явуулах вэ. Нөгөө талаас НҮБ-ын гишүүн орнуудаас Монгол Улс Хүний эрхийн зөвлөлд итгэл авч сонгогдсон. Монгол Улс Азийн бүсийн орнуудаас сонгогдох эрхтэй, чадамжтай, олон улсын түвшинд хүний эрхийн чиглэлээр хувь нэмэр оруулах орон юм гэж итгэж биднийг сонгосон.  Хоёр жилийн хугацаатай байдаг шиг санагдаж байна. Үүн дээр бид онцгой анхаарч хамтарч ажиллах хэрэгтэй.

Дараагийн хэлэх гэсэн зүйл бол саяхан би АСЕМ-тай холбоотой танилцуулга хийсэн. АСЕМ-ын уулзалтын үеэр 7 дугаар сарын 1-2-ны хооронд Иргэний нийгмийн чуулга уулзалт болно. 7 дугаар сарын 6-7-ны хооронд Залуучуудын уулзалт болно. Энэ хоёр уулзалтад манай иргэний нийгмийн байгууллагууд маш эрчимтэй бэлдэх хэрэгтэй байгаа юм. Зарим нэг орныг харж байхад, ялангуяа манай бүс нутагт иргэний нийгмийн байгууллагуудыг нийгмийг тогтворгүй болгодог бурангуй хүчин гэж хардаг. Гэтэл Монголд энэ бол харин нийгмийн хөгжлийг дэмждэг, нийгмийн ойлголцлыг бий болгох, асуудлыг шийдвэрлэхэд түлхэц үзүүлдэг чухал байгууллага, институци гэж хардаг. Энэ хэмжээнд хүрчихсэн байна. Үүнийгээ бид олон улсад, 50-иад орны иргэний нийгмийн янз бүрийн  төлөөлөлд харуулна.  Зарим газраас хуучнаар  бол олон нийтийн байгууллага гэсэн нэрээр орж ирдэг. Манай иргэний нийгмийн байгууллагууд төрдөө үйлчилгээ үзүүлдэг.  Төрийн үйлчилгээг хамтарч явуулдаг. Тэд нарт бид ялгаагаа харуулах хэрэгтэй. Нөгөө талаас зарим оронд иргэний нийгмийн байгууллага гаднын ашиг сонирхлыг авч ирдэг. Энэ бараг л тагнуулын байгууллага шиг юм явуулж байна гэсэн хандлага байдаг. Гэтэл Монголд бол Үндэсний эрх ашгийг хамгаалах, Монголын нэгдсэн эрх ашгийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулдаг. Энэ эрх ашгийг амилуулж гаргаж ирэх, тэнд байгаа олон өнгийг оруулахад иргэний нийгмийн байгууллагууд асар чухал үүрэгтэй байгууллага болоод хувирчихсан. Тэгэхээр энэ ялгааг харуулж чадах юм бол Монголын өнгө өөрөө ялгарч харагдана. Энэ хэмжээнд бид иргэний нийгмийн байгууллагаа хардаг болох ёстой. Манай иргэний нийгмийн байгууллагууд бол Монголын нийгмийн хөгжлийн түнш. Энэ бол Монголын нийгмийн хөгжлийг хойш татдаг биш, урагш нь түлхдэг. Монголын нийгмийн хөгжлийн түнш болсон байгууллага.

Ерөөсөө Монголын нийгмийн гурван тулгуур гэж харах юм бол хамгийн гол тулгуур нь иргэний нийгэм, иргэний оролцоо гэж бид хардаг. Дараа нь төрийн байгууллага, бизнесийн байгууллага. Бодлого тодорхойлогчдын дунд яригддаг нь төр, бизнесийн байгууллагуудын чиглэлийн юм яриад, хуулиа сайжруулах тухай л яриад байдаг. Хамгийн гол түнш тулгуур байгууллагынхаа тухай ярихгүй байгаа. Бага ярьж байгаа. Монголд иргэний нийгмийн байгууллагыг институц болгох, нийгмийн тулгуур, тогтолцоо болох чиглэлд хангалтгүй байна гэж дүгнэлт гарсан. Зөв дүгнэлт гэж бодож байгаа. Тиймээс бид энэ зүйлээ уялдуулж харья.

Нөгөө нэг зүйл бол Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, хөгжлийн филисофи нь бүс нутагт байгаа зарим орнуудаас ялгаатай. Бүс нутагт байгаа, бидний эргэн тойронд байгаа улсууд төр засаг нь хүчтэй, төв нь хүчтэй байх юм бол тухайн улс оронд нийгмийн эвлэрэл, зохицол хөгжил дэвшил байна гэж үздэг. Үнэхээр олон зуун жил тийм үзэл баримтлалаар тэгж хөгжиж явсан орнууд. Монголд бол иргэн нь хүчтэй байх юм бол, иргэн нь эрх мэдэлтэй, оролцоотой байх юм бол Монгол Улс хүчтэй, хөгжилтэй байна гэж бид үздэг. Яагаад гэвэл Монгол Улс цөөн хүн амтай, уудам газар нутагтай. Түүхээсээ бие даасан. Иргэнийхээ оролцоонд, хүч боломжид тулгуурлаж оршиж ирсэн орон юм.

Бид өөрсдийнхөө хөгжил, филисофи, оршин байгаа үзэл баримтлалаа уялдуулж тайлбарлах юм бол өмнө нь  миний хэлдэг иргэний нийгмийн байгууллагуудтай холбоотой буруу юм уу, өрөөсгөл ойлголтууд засагдах боломж энд харагдаж байгаа юм. Бид тэгж харах ёстой гэж би хувьдаа боддог. Иймээс Монголын үндэсний хөгжлийг авч явах гол тулгуур бол иргэний оролцоо, иргэний нийгэм, иргэний нийгмийн байгууллага юм байна.

Сая УИХ-аар батлагддаг хуулийг инерциэрээ батлаад явчихсан. Яах вэ, хуультай болж байгаа нь сайн хэрэг. Монгол Улсын урт хугацааны хөгжил, төлөвлөлтийн тухай хууль, үйл ажиллагааны хууль гээд зорилгоо батлаад явж байгаа нь сайн. Үүнийгээ бид одоо сайжруулах хэрэгтэй. Энд иргэний нийгмийн тухай, иргэний нийгмийн хөгжлийг нэг тулгуур гэж үздэг тэр зүйл бараг байхгүй. Гол үзүүлэлт гэхээр нөгөө л эдийн засгийн үзүүлэлт, мөнгө санхүүгийн үзүүлэлт, дэд бүтэц, зам барилгын үзүүлэлт гээд явчихсан. Хүний хөгжлийн үзүүлэлтийг бараг эдийн засгийн үзүүлэлтийнхээ ард тавьж байх жишээтэй. Тэгэхээр хүний хөгжлийн үзүүлэлт, иргэний нийгмийн байгууллагын хөгжил, дэвшлийг хамтад нь харж байх хэрэгтэй. Энэ чиглэлээр бид нар хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа юм. Иргэний нийгмийн байгууллагын эрх зүй, иргэний нийгмийг хөгжүүлэх, Төрөөс иргэний нийгмийн хөгжлийг дэмжих үзэл баримтлалаас энэ бүхэн харагдаж байгаа. 2012 онд шахаад, Засгийн газар санаачлаад энэ талаар нэг төсөл оруулсан. Одоо болтол УИХ батлаагүй. Эндээс л иргэний нийгэмд хандаж байгаа хандлага, манай хууль тогтоогчид, олонхи хүмүүсийн байр суурь харагдаж байгаа юм. Бид энэ үзэл баримтлалаа эргүүлж, дахин татаж аваад дахиад Монголын хөгжлийн философи, Монголын хөгжлийн гол тулгуур гэсэн үзэл баримтлалын үүднээс боловсруулж чадах юм бол зөв болох байх гэж бодож байгаа юм.

Бид цаашаа хоёр ажил хиймээр байна. Манай зөвлөх Ч.Өнөрбаяр хүний эрх, иргэний нийгмийн чиглэлээр хамтарч ажиллаж байгаа. Хэдүүлээ үйл ажиллагаагаа нэгтгэе. Нэгдүгээрт, иргэний нийгмийн үзэл баримтлал дээр санаа оноогоо нэгтгэмээр байгаа юм. Бид энэ дээр одоо овоо нэгдэж байна. Нэгдэж өгөхгүй байгаа учраас эрх зүйн орчны баталгааг бий болгоход хэцүү байдаг.

Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл гээд оруулахад л түүн дотор дотоод засаглалаа сайжруулах тухай заалтууд орохоор хэвлэл, мэдээллийн байгууллагын эзэд, нөгөө дураараа дургидаг этгээдүүд, хариуцлагаас ангид байхыг хүсдэг нөхөд түүнийхээ эсрэг босоод л тэмцчихдэг. Ингээд нөгөө хууль нь унаж байгаа юм. Гэтэл нөгөө хууль батлах гэж байгаа нөхөд болохоор хэвлэл, мэдээллийн байгуулага, иргэний нийгмийн байгууллагын дотоод засаглал, чадавхийн тухай ойлголт нь шал өөр. “Төр оролцож байж л энэ бий болно. Эд нарыг шийтгэх хэрэгтэй. Эд нарыг хаах хэрэгтэй” гэдэг. Ийм ойлголттойгоор хуулиа батлах гээд байгаа учраас татаж авахаас өөр аргагүй болж байгаа юм. Дотоод засаглал, дотоод чадавхи гэдэг тэр ойлголтын талаар хууль батлах гэж байгаа хүмүүс, нөгөө талаас иргэний нийгэм, хэвлэл, мэдээллийн байгууллагыг бий болгож байгаа хүмүүсийн ойлголт зөрөөд байгаа юм. Тэгэхээр энэ дээрээ бид нэгдэх хэрэгтэй.

Миний барьдаг бас нэг гол баримтлал бол хамгийн их эрх чөлөө, их боломж бол хамгийн сайн. Энэ л хамгийн сайн хууль, хамгийн сайн байр суурь. Төр тэртэй тэргүй эрх чөлөөг буцааж хумихын төлөө л зүтгэдэг. Аливаа хууль тогтоомж, байгууллагаас гаргаж байгаа заавар зэрэг нь дандаа л эрх чөлөөг хумих, зохицуулах гэдэг. Төр зохицуулна гэж ярьдаг шүү дээ. Зохицуулалтаа нөгөө байгууллагуудад нь өгөх замаар, түүнийгээ улам мэргэшүүлэх, босгох, чадавхийг нь дэмжих замаар биш, төр өөрөө оролцох замаар шийдэх гээд байгаа нь буруу. Бид ингэж харах ёстой. Би хувьдаа ингэж хардаг, ийм сэтгэлтэй шийдвэр гаргагчид байхгүй бол иргэний нийгмийн байгууллагыг дэмжих эрх зүйн орчинг бүрдүүлэхэд хэцүү болно гэж боддог. Гэхдээ хамгийн үндсийн үндэс нь бид нар нэгдмэл ойлголттой болох ёстой.

Хууль зүйн яам гэхэд, сая ТНБД Ж.Баярцэцэг танилцуулж байгаагаас харахад нэр томъёоны хувьд бид зөрөөд байгаа юм. Үүнийгээ нэгтгэж авъя. Төрийн бус байгууллагын тухай хууль гэх үү, олон нийтийн хэллэгт оруулж Иргэний нийгмийн байгууллагын хууль гэх үү. Үндсэн хуульд нийтээрээ иргэний нийгэм байгуулна гэж байгаа. Гэтэл Иргэний нийгмийн байгууллагын хууль  гэхээр “Зөвхөн энэ хэд л  иргэний нийгэм байгуулах гээд байгаа юм уу, бусад нь иргэний нийгэм байгуулах гэж явахгүй байгаа юм уу” гэх зэргээр манайхан юм унагах их амархан аргатай шүү дээ. Олон нийтийн байгууллагын хууль гэх юм уу. Төрийн байгууллага, төрийн бус байгууллага гэж ялгах юм уу гэх зэргээр олон оронд янз бүр л байгаа. Би бол Иргэний нийгмийн байгууллага гэдэг ерөнхий хандлагаа баривал яасан юм бэ. Түүнийгээ зөв тайлбарлавал яасан юм бэ гэж бодоод байгаа юм. Иймэрхүү зүйл дээрээ бид нэгдэх ёстой.

Дараагийн нэг хууль бол Сайн дурын үйл ажиллагаа ба хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай. Хууль зүйн яаман дээр Нийтэд тустай үйл ажиллагааг дэмжих гэдэг нэрээр явж байгаа. Одоо үүнийгээ бид салгамаар байгаа юм. Сайн дурын үйл ажиллагаа гэж байгаа. Түймэр гарахад унтраана гээд нэг хэсэг хүн явдаг. Заримыг нь бид популист гэдэг. Заримыг нь болохгүй байна гэдэг. Гэтэл нөгөө талаасаа энэ бол хэрэгтэй. Гэхдээ түймэрт очиж байгаа хүмүүс ямар ажил хийх гэж байгаагаа мэдэж, наад зах нь мэргэшсэн байх хэрэгтэй. Наад зах нь сургалтад суусан байх ёстой. Наад зах нь өөрийгөө түймрээс хамгаалах хэрэгтэй. Бусдыг түймрээс хамгаалах гэж очоод өөрөө шатчихвал хэрэггүй л юм болох байх л даа. Энэ чиглэлээр, НҮБ-ын байгууллага, бусад байгууллагуудтай ярьж үзэж байгаа.

Бид ТББ байгуулахад ямар нэг саадгүй явдаг байсан. Тэр ТББ-ын тухай хуулийнхаа гол зарчмыг хадгалаад үлдээчихмээр юм шиг байгаа юм. Бусад салбарын хууль, үйл ажиллагааны чиглэлийн хуулиудаа гаргаж авахгүй бол дэндүү оройтож байна. Үүнийг л та нар шаардаад байгаа юм л даа. Сайн дурын үйл ажиллагаа, сайн дурын хөдөлмөр эрхлэлт гэж юу юм. Би өөрийнхөө байгаагаас, өөрийнхөө хийж байгаа ажлаас илүү гараад нийгмийн оролцоо, идэвхээрээ ийм хөдөлмөр эрхэлмээр байна. Үүнийг үнэлдэг байх ёстой. Үүнийг мэддэг байх ёстой. Үүнийг төр нь дэмждэг байх ёстой. Энэ бол их чухал. Ашгийн бус хуулийн этгээдийн гээд, нөгөө талаасаа төрийн чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх гээд, үүн дээр бид алийг нь барьж ажилах юм бэ. Захиргааны хэргийг шүүхэд нэхэмжлэх гэсэн хууль явж байгаа. Үүнийг та бүхэн маш их дэмжиж байгаа. Гэтэл Нийтийн эрх ашгийг хамгаалж шүүхэд нэхэмжлэх хууль гээд бид хуулийнхаа төслийг хийчихсэн. Энэ нь иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллага, шүүх засаглал хамтарч ажиллах амин сүнс болсон хууль байгаа юм. Үүн дээр хэдүүлээ ажилламаар байгаа юм.

Иргэний оролцооны тухай хууль гаргавал яасан юм гэж байгаад Иргэний танхим байгуулсан. Ингэж ярьсаар байгаад Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх хууль гаргах нь зөв юм байна гэж үзлээ. Манайд иргэний улс төрийн эрх гэдэг зүйлийг маш буруугаар ойлгосон байна. Тэр эрхийг хэрэгжүүлж төлөөлдөг байгууллага нь нам гээд ойлгочихож. Улс даяар үйл ажиллагаа явуулдаг хоёр л нам байдаг. Зарим нь маш тодорхой, баригдмал эрх ашгийн төлөө явдаг. Зарим нь зүгээр  л нэг хүнээр толгойлуулсан байдаг. Гэтэл тэд Монгол Улсын иргэдийн улс төрийн эрхийг хэрэгжүүлэх эрхийг авчихсан байгаа юм. Түүн дотор яваад орохоор намын бүтэц, зохион байгуулалт, эрх зүйн орчноосоо болоод фракц, хязгаарлагдмал ашиг сонирхолдоо баригдчихсан. Намын өргөн эрх ашиг нь тэдний эрх ашиг болчихсон. Удирдаж байгаа хүн, намд байгаа голлох байр суурьтай хүмүүсийн эрх ашгийг хэрэгжүүлэх хууль болж хувираад байгаа юм. Монгол Улсын нийт ард иргэдийн улс төрийн эрх ашиг гэдэг тийм жижиг зүйл болж хувирсан. Үүнийг одоо бид өргөн авч харахгүй бол бүтэхгүй юм байна.

Иргэний оролцоо, улс төрийн эрх гэдэг бол хамгийн чухал эрх. Санал асуулгаар асуудлыг шийдэх, шийдвэр гаргахад оролцох, өргөн утгаар нь авч үзвэл Швейцарь шиг шууд ардчиллын хэмжээнд авч харах, түүний Монголд зохицох байдлыг харахаас өөр аргагүй.

Өөр нэг асуудал бол иргэний нийгмийн байгууллагуудын суурь нь 27 мянга ч юм уу, 60 мянга ч юм уу, 7 мянган байгууллага байж болно. Тэднийг заавал шахаад багцад оруулах гээд байх хэрэггүй. Харин мэргэшсэн иргэний нийгмийн байгууллагууд нь байр, санхүү гэх зэрэг тодорхой дэмжлэгтэй байдаг. Зарим оронд мэргэшсэн иргэний нийгмийн байгууллагууд нь үнэмлэхтэй байдаг. Сонгуульд оролцох, нэр дэвшүүлэх эрхээр хүртэл хангагддаг. Ийм болж эхэлдэг. Энэ чиглэл рүү бид явмаар байгаа юм. Эмч нарын ТББ ч юм уу, байгаль орчны чиглэлд алт олборлогчдын ч гэдэг юм уу, бүр мэргэшүүлээд, түүгээрээ төртэй хамтарч ажиллаад шийдвэрээ гаргаад, олон нийтийн эрх ашгийг хоёр талаасаа хангаад явж чаддаг байгууллага болгомоор байгаа юм.

Түүнээс биш дуугардаг, хэвлэлийн бага хурал хийлгэдэг, янз бүрийн тогтвортой, тогтворгүй үйлдэл хийдэг этгээдүүдээр иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлүүлж, мэргэжлийн хамт олныг төлөөлүүлж харах гээд байдагтаа бид буруудаад байдаг. Мэргэжлийн иргэний нийгмийн байгууллага гэдэг зүйлийг бид их зөв болгож чадах юм бол чадавхи бий болно. Дотоод хариуцлага, засаглал нь сайжирна. Тэдний дэвшлээр нь санхүүжилт, төрийн дэмжлэг, иргэдийн улс төрийн эрхийг хэрэгжүүлэхтэй нь холбоод өгчихвөл бүр сайн болно. Мэргэшиж байж л хараат бус болох байх. Мэргэшиж байж л санхүүгээ авах байх. Ингэж их өргөн хармаар юм билээ. Ингээд харах юм бол Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх багц хууль гэдэг шиг иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхижуулах, үйл ажиллагаа явуулах орчныг нь бүрдүүлэхэд дахиад хэсэг хууль хэрэгтэй нь харагдаж байгаа. Үүний өмнө иргэний нийгмийн хөгжлийг дэмжих үзэл баритлалаа эхлээд гаргах нь зөв байх.

Жишээ нь, Авлигатай тэмцэх үзэл баримтлал гээд 20 жил, 10 жилээр гаргаад, ийм түвшинд бид хүрнэ. Ингэж явна гээд батлуулаад, ард нь ийм байгууллага, иргэний нийгмийн байгууллага ингэж оролцоно гээд явж байгаатай адилхан дараагийн 25 жилийн  иргэний нийгмийн байгууллагын хөгжлийг харах чадвартай болчихсон байгаа. Та бүхэн ийм чадавхийг бий болгочихсон. Одоо үүнийг цаасан дээр буулгаад, бодлого болгоод, түүндээ таарсан хууль, эрх зүйн өөрчлөлтүүдийг хийх гэж оролдвол их сайн болох юм биш үү гэж харагдаж байгаа.

Ерөнхийлөгчийн ажил бас Үндсэн хуулиараа хугацаатай. Дараагийн гарч ирэх Ерөнхийлөгч нь иргэний нийгэм, хүний эрхийн мэдрэмжтэй хүн гарч ирэх байх. Үнэхээр мэдрэмж жаахан сул байх юм бол та нар суулгаж өгөх байх гэдэгт би итгэлтэй байна. Өмнө нь би зарим нэг дарга нарыг томилж байхад, ялангуяа хуулийн салбар, хүний эрхийн байгууллагад томилогдох дарга нарыг орж ирж байхад “Хүний эрхийн мэдрэмжтэй байгаарай” гэхэд “Юу яриад байгаа юм. Намайг мэдрэмжгүй хүн гээд байгаа юм байх даа гэж эхлээд миний уур маш их хүрсэн” гэж надад зарим хүн ярьдаг юм. “Яг ажил аваад ажиллаад эхлэхэд таны тэр үг ямар чухал үг байсныг, миний явуулах үйл ажлын гол зарчмыг тодорхойлсон үг байсныг би одоо мэдэрлээ шүү дээ” гэдэг. Иргэний нийгмийн үйл ажиллагаанд оролцдоггүй, тийм мэдрэмж байхгүй хүмүүс үнэхээр мэдрэхгүй, гадуур нь явж байдаг. Үүнийг бий болгох гол хүч энд сууж байгаа гэж би бодож байна.

Нийтийн ёс зүй, нийгмийн ёс зүй, зөв ёс зүй, баялгийг төлөвшүүлэхэд иргэний нийгэм чухал. Нийгмийг улам ёс зүйгүй болгодог, улам утгагүй, хаос байдал руу оруулдаг биш, жинхэнэ нийтээрээ авч явах ёстой ёс зүй, нийтийн амьдралын сайн сайхныг бий болгодог соёлыг төлөвшүүлэх гол ажлыг энэ хүмүүс хийдэг юм байна шүү дээ гэдэг үнэлгээг бид нийгэмд авч ирэхийн төлөө ажиллавал их зүгээр юм.

Засгийн газраас өргөн барих шаардлагатай олон хууль байгаа. УИХ-д өргөн барьсан олон хууль байдаг. УИХ-ын сонгууль болсны дараа өмнө өргөн барьсан бүх хуулийг шинэ УИХ буцаагаад хаядаг. Одоогийн УИХ 4 дүгээр сард цуглаад нэг их олон хууль баталж чадахгүй байх. Тиймээс дараагийн УИХ байгуулагдангуут маш хурдтайгаар хуулиудаа өргөн бариад эхний жагсаалтад оруулах хэрэгтэй. УИХ шинээр бүрэлдмэгц Засгийн газар байгуулж, шинэ төсөв ярьдаг. Нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл, мөнгөний бодлого гээд сар сараар ажлыг нь яриад явчихдаг. УИХ-ын гишүүдийн зарим нь шинээр орж ирдэг учраас ажилтайгаа танилцах гэсээр эхний жилд тийм их үр дүнтэй байхгүй. Ялангуяа иргэний нийгэм гэх зэрэг тэр бүр хүн ойлгоод байдаггүй салбарыг дэмжих хууль батална гэдэг амаргүй. Нэг талаас иргэний нийгмийн байгууллага, нөгөө талаас Ерөнхийлөгчийн институц хамтраад үлдсэн хугацаанд ажиллах хэрэгтэй. Хамгийн наад зах нь маш сайн төсөлтэй болоод авах хэрэгтэй.

Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтын хариуцлагын хуулийг баталж өг гээд би шаардаад байгаа нь хуультай болоод авъя. Дараа нь иргэний нийгмийн байгууллага, ард иргэдийн шаардлагаар хуулиа сайжруулж болно. Манайх хууль ч үгүй, юу ч үгүй яваад байгаа юм. Хариуцлагын тухай ойлголтоо нэгтгэж чадаагүй яваад байгаа. Эхлээд хуулийн төслүүд дээрээ ойлголтоо нэгтгэхгүй бол хууль өргөн барих гэхээр иргэний нийгмийн байгууллага нэртэй 3,4 юм гарч ирээд хэвлэлийн бага хурал зарлаад “Бид нарыг ингэж боомилох гээд байна. Биднийг ингэж дарах гээд ийм зүйл оруулж байна” гэнэ. Яг цаана нь хэдэн төгрөг төлчихсөн, өөр ашиг сонирхол илэрхийлэх гэж оролдсон, иймэрхүү зүйл гарч ирдэг. Бид ерөнхийдөө тэднийг ялгаад хардаг л болчихсон байгаа. Энэ нийгэмд олон жил хамт яваад сурчихсан учраас хэн нь хэн бэ. Хэний ямар үгний цаана ямар эрх ашиг нуугдаж байна гэдгийг хардаг болсон. Хамгийн гол нь манай иргэний нийгмийн байгууллагууд зөв эрх ашгийг хамгаалах тал дээр олонхи нь нэгдэж чаддаг. Энэ чухал.

Би зарим иргэний нийгмийн байгууллагад үйл ажиллагаа явуулж байсан зарим эмэгтэйчүүдийг гадаадад Элчин сайдаар томилсон. Надад тэднээс нэг сайн дүгнэлт ирж байгаа. Тэд очоод бусад карьерный Элчин сайд нараас хамаагүй илүү ажиллаж байна. Маш хязгаарлагдмал санхүүгээр тэд ажил хийгээд сурчихсан байдаг. Хязгаарлагдмал санхүүгээр хүний оролцоог татаж ажил хийдэг. Нөгөө төрийн байгууллагад насаараа ажилласан, улс төрөөр явчихсан карьерный хүмүүс бол санхүү байна уу, заавар зөвлөгөө байна уу гээд хараад суугаад байдаг. Иргэний нийгмийн байгууллагаас очсон хүмүүс ямар ч заавар зөвлөгөө хүлээдэггүй. Хэрэгтэй гэж үзэж байгаа ажил руугаа л ордог. Тэр нь эргээд Монголд ашигтай. Эндээс дүгнэлт хийх хэрэгтэй. Энэ бол жижигхэн хүрээнд харагдаж байгаа үр дүн мэт боловч Монголын нийгмийн хөгжлийг тодорхойлох гээд миний түрүүчийн хэлээд байдаг тэр иргэний нийгмийн ажилд явж байсан хүмүүс чинь л явж явж хөгжлийг үүрч гардаг юм. Энэ дотроо асуудал тулгамддаг хүмүүс үүрч гардаг. Яагаад эмэгтэйчүүд иргэний нийгмийн байгууллагад олуулаа байдаг юм. Эмэгтэйчүүдийн асуудал Монголын нийгэмд хурц асуудал шүү дээ. Тийм учраас олуулаа байгаа юм. Залуучууд, залуу эмэгтэйчүүдийн асуудал гээд үнэхээр шийдлээ хүлээсэн, нийгмийн үзэгдэл болсон хурц асуудал мөн. Байгаль орчныхон нөгөө л уул уурхай, баялагтай холбоотой учраас, тэнд гардаг олон асуудал байгаа учраас Байгаль орчны иргэний нийгмийн байгууллага олноороо байгаа юм. Цаашдаа мэргэшүүлэх, чадваржуулах, дотоод удирдлагыг нь зөв болгох ёстой. Алтны уурхай ашиглуулахгүй гэсэн мөртлөө л нөгөө талаас нь очиж ухдаг. Зөвхөн тэр эрх ашгаа хамгаалж үлдэхийн төлөө жагсаал цуглаан хийж байна уу. Эсвэл үнэхээр байгаль орчноо хамгаалах гэж явж байна уу, мэргэжлийн үйл ажиллагаа юу гэдгийг ялгаж харах хэмжээнд бид очих ёстой.

Ямар учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэд илүү идэвхтэй явдаг вэ гэхээр яг өөрсдөд нь асуудал тулгамдаад, нийгмийн хараанд хамруулахын тулд тэд илүү идэвхтэй ажилладаг. Ийм учраас энэ чиглэлийн байгууллагуудын үйл ажиллагаа харагдаад байдаг. Сая Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хууль УИХ-аар батлагдсан. Энэ бол том дэвшил гэж бодож байгаа. Одоо цаашдаа хэрэгжүүлээд, болохгүй бол хуулиа сайжруулаад, засаад явах байх. Хууль бол юмны гол асуудал мөн боловч бүх асуудал биш гэдгийг бүгдээрээ бодох хэрэгтэй.

Та бүхэн Монголын нэрийг гаргах үйл ажиллагаанууд дээр Монголын иргэний нийгмийн байгууллага, Монголын нийгэм ямар онцлогтой, ямар түвшинд хүрсэн бэ гэдгийг харуулж чадах байх. Нүүр улайлгахгүй байх гэж бодож байна. АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр, 50 гаруй орны төр, засгийн тэргүүнүүд сууж байхад “Иргэний нийгмийн байгууллагын форум боллоо” гэж сая танилцуулдаг шиг танилцуулга орж ирдэг. Тэр 53 орны иргэний нийгмийн байгууллага хуралдаад ийм ийм зүйл дээр анхаарал хандуул гэлээ. Ийм ийм зөвлөмж гарч байна гэсэн танилцуулга Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг сууж байхад өглөөний хуралдаан дээр орж ирдэг. Нөгөө талд бизнесийнхэн орж ирдэг шиг санагдаж байна. Ийм чухал зүйл байдаг юм шүү. АСЕМ ингэж чухалчилж үздэг. Хурал даргалагч орон гээд сууж байхад манайхны танилцуулга огт өөр харагдах ёстой. Дүгнэлтээ 2-3 түвшинд хийх ёстой. Бид одоо гаднын байгууллагуудаар иргэний нийгмийн байгууллагаа төлөөлүүлдэг биш. Тэдэнтэй хамтарч ажиллаад Монголынхоо хөгжил, дэвшлийг тодорхойлоход идэвхтэй оролцогч болсон. Тэр улсуудад талархах ёстой гэдэг ч юм уу. Хандлага огт өөр харагдах ёстой. Тэндээс ялгаа харагдах ёстой. Тийм учраас Монголыг даргалагч орноор сонгосны нэг онцлог энд байдаг юм шүү гэдгийг хэлье” гэлээ.



Ц.Элбэгдорж: Монголын үндэсний хөгжлийн гол тулгуур иргэний оролцоо, иргэний нийгэм
Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0